Армян улс
АРМЯН
/БНАрмян улс/ Утасны код – 374
Армян улс нь Азийн баруун хэсэгт Кавказын уулархаг бүсэд оршино. Хойд талаараа Гүрж, Зүүн талаараа Азербайжан, урд болон баруун талын зарим хэсгээрээ Иран, баруун талаараа Турк улстай тус тус хиллэдэг. Далайд гарцгүй орон юм.
Газар нутаг: 29.8 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 3510 мянган хүнтэй.
Хүн амын 93 хувь нь армян, 3 % нь азербайжан, 2.5% нь орос үндэстэн. Түүнээс гадна 50 мянган курд, 10000 украйн, 6000 ассири үндэстэн тус оронд аж төрдөг. АНУ, Франц, Иран, Ливан, Сири, Турк, Австрали болон бусад оронд 2 сая армян хүн амьдардаг. Нийт хүн амын 69% нь хот сууринд оршин суудаг. Дундаж наслалт эрэгтэй 68, эмэгтэй 74 наслана.
Албан ёсны хэл: Армян
Шашин шүтлэг: Үнэн алдартны шашин шүтдэг.
Засаг захиргааны байдал: 11 мужид /марз/ хуваагддаг. Нийслэл хот нь Ереван /1320 мянган хүн амтай./ Томоохон хотуудад Гюмри, Караклис зэрэг багтдаг. Нийт хүн амын 40 орчим хувь нь томоохон хотуудад оршин суудаг.
Төрийн байгууламж: Төрийн тэргүүн нь онцгой эрх бүхий ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт үндэсний хурал бөгөөд 131 суудалтай байна.
Армян бол аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон. Зэс, Молибден, алт, төмрийн хүдэр, гантиг, доломит, зэрэг ашигт малтмалаар баялаг орон юм. Армян улсад машины үйлдвэрлэл, металл боловсруулалт, өнгөт төмөрлөг, хими, барилгын материал, хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд түлхүү хөгжсөн байдаг. Маш бага хэмжээний талбайд үр тариа тариалдаг. Дэлхийд алдартай дарс, шарзыг Армянд үйлдвэрлэдэг. Үхэр, хонь голчлон өсгөн үржүүлдэг. Төмөр замын урт 845 км. 15918 км автозамтайгаас 15329 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Драм /Ар.Д/ 100 драм =0.29 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 4600 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Армян уулархаг нутгийн бүлээн дулаан уур амьсгалтай орон юм. Жилийн дундаж хэм нь 11 градус. Өвлийн дундаж хэм нь -4, зуны дундаж хэм нь 22 градус байдаг. Газар нутгийн ихэнх хэсэгт өндөр уулс зонхилно. Хамгийн өндөр уул нь Арарац уул /4090м/, томоохон голууд нь Аракс, Раздан юм. Армянд том жижиг 100 гаруй нуур байдгаас Севан нуур хамгийн томд ордог. Газар нутгийн 15 хувийг ой мод /царс, нарс, гацуур, хуш, жодоо г.м/ эзэлнэ. Өндөр уулуудын хооронд үржил шимтэй нуга талууд оршино. Гахай, баавгай, зэгсний ба ойн муур, шилүүс, цөөвөр чоно, жирх, загалмайт могой, дигваранз зэрэг амьтдаар баялаг. Өвөөлж, турлиах, ойн сараалж, тогойлон, тоншуул, бүргэд, тас гэх мэт нь тус орны үндсэн шувууд юм.
Түүх соёлын дурсгал: Гарнийн бэхлэлтийн цайз, сүм /I зуун/, Двине ба Звартноцийн цайз, орд харш /III-IV зуун/, Эчмиадзиний сүм дугануудын цогцолбор /V-VI зуун/ Метенадаран цогцолбор зэрэг ур хийцээрээ шагшигдсан түүхийн олон дурсгалт зүйл Армянд бий.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.