Лам хуврагуудын хооллолтын дэглэм
2012-05-22,11:38
Монголд XYI-XYIII зуунд шарын шашин дэлгэрснээр сүм хийдүүд олноор байгуулагдаж хүрээ лам нар бий болсон бөгөөд энэ нь хотшин суурьших хэлбэрт шилжих эхлэл болсон билээ.
Эрдэнэзуугийн хийдээс гадна 1654 онд анх суурь нь тавигдаж хурал номынхоо ажлыг нүүдлийн байдлаар явуулж байснаа 1838 онд Дандарын ёсны сүм дуган барьж суурьшсан Гандантэгчинлэн хийд нь шашны хамгийн том төвүүдийн нэг болсон байв.
1726 онд барилгын ажлыг эхлүүлж 1737 онд дуусгасан Амарбаясгалан хийд сургалт эрдмийн 10 дацан, хурал ном хурж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай байжээ.
1776 онд одоогийн Хэнтий аймагт байгуулагдсан шашны 4 сургууль, өдөр бүр ном хурдаг Монголын хамгийн том хийдүүдийн нэг Балдан Барайвун хийд ид цэцэглэж байх үедээ 5000-6000 ламтай байсан байна. Одоогийн Булган аймгийн нутагт 1685 онд байгуулагдсан Дайчин вангийн хүрээ нь 3000 гаруй ламтай томоохон хүрээ байжээ.
Манжийн хааны зарлигаар 1761-1765 онд байгуулагдсан Дамбадаржайлан хийдэд 1500 лам ном хурдаг байв. Мөн одоогийн Өмнөговь аймгийн нутагт байсан Дэмчигийн хийд, 1631 онд одоогийн Архангай аймгийн төвд Булган уулын өвөрт сууриа тавьж улмаар 1800-аад оны эхээр 1000 гаруй лам хурал хурдаг байсан Заяын гэгээний хүрээ, 1733 онд Богд хан уулын өвөрт сууриа тавьж XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндаг олгодог Манзуширын хийд, 300 гаруй лам шавилан суудаг Онгийн хийд (Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг), түүнчлэн 1693 онд суурь нь тавигдсан, одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Өвгөн хийд буюу Эрдэнэхамбын хийд, мөн Төвхөн, Сангийн далай, Хамрын, Шанхын хийд зэрэг нийтдээ 760 шахам сүм хийдэд олон тооны лам хувраг суурьшиж байсан байна.
Энэ үеэс төвдөөс гаралтай бурхан шашны ёс жаяг, дэгийг сүм хийдийн лам хуврагууд мөрдөж эхэлсэн бөгөөд энэ нь хоол ундаанд ч хамааралтай байжээ. Лам нар нь монголчуудын өдөр тутмын амьдралдаа уламжлал болгон хэрэглэж ирсэн хоол унд, хүнсийг бурхны номын ёс жаяг, дэгэндээ тохируулан хэрэглэж өвөрмөц нууцлаг олон нэр төрлийн хоолыг бий болгосон бөгөөд энэ талаар судалж мэдсэн зүйлээсээ товчлон уншигч танаа толилуулж байна.
Сүм хийдийн гал тогоо нь лам хуврагуудад өгдөг цай хоолыг тодорхой нэр төрөл, дэс дараатай бэлтгэж байсан нь одоо хүртэл уламжлагдаж ирсэн түүхтэй. Сүм хийдүүд тухайн өдөр ямар ном уншиж хурахаас хамаарч манз, цав барьдаг. Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд Дашчойлин хийд 80 гаруй лам нартай бөгөөд бага үдээс эхлэн 4-5 удаа манз (цай) барьж шинийн 8, 15, 30-ны өдрүүд, түүнчлэн дүйцсэн, сахиустай хурах өдрүүдэд бэрээсэй, сүүтэй будаа зэрэг цагаан цав өгдөг бол шинийн 10, 25, 29-ний хурлуудад манз, бэрээсэй, мушгиа боов, цагаан болон бор цав (лам нарт зориулсан махтай хоол, шөл), “Сандуйн жүд” хурах шинийн 15-нд төмсний хуушуур хэрэглэдэг журамтай. Эдгээр хоол ундааг нэгдсэн журмаар хийнэ. Тухайлбал, Дашчойлин хийдийн 80 ламын “Цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр 3 кг ордог байна.
Одоо Гандантэгчинлэн хийдийн их хуралтай үед 300 гаруй ном хурдаг учраас ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар бэлтгэдэг бор цав гэж нэрлэдэг махтай хоолыг “Арван хангал” гэж нэрлэдэг 29-ний их хуралд бэрээсэйтэй хамт өгдөг.
Сүү, цагаан идээгээр хийсэн бол цагаан цав гэж нэрлэдэг. Нэг ламд барих бэрээсэй нэртэй цагаан цавд будаа 250, шар тос, элсэн чихэр тус бүр 80, үзэм 50 грамм орохоор тооцоход зөвхөн нэг өдөрт 60-70 кг цагаан будаа, шар тос, элсэн чихэр тус бүр 15 кг, үзэм 8 кг ордог байна. Сонирхуулахад Далай лам бэрээсэйнд их дуртай, Д.Чойжамц хамба маань тусгай хоол унд хийлгэдэггүй, бусад лам нарын жишгийн дагуу хооллож ундалдаг ажээ.
Лам нар манз зооглохоос өмнө 10-15 минут ном уншина. Энэ нь манзанд зориулсан тусгай ном бөгөөд уг номыг уншсанаар хоолонд байдаг хорт бодис ариусдаг гэсэн утгыг илэрхийлдэг аж. Үүнээс гадна зарим тохиолдолд хурлын дараа ном хуруулж буян үйлдүүлсэн сүсэгтнүүд өөрсдийн сүсэг бишрэлээр янз бүрийн хоол өгдөг журам ёс жаяг бий. Ийм идээг зэд гэж нэрлэнэ.
Цагаан сараар битүүнээс шинийн 15 хүртэл лам нар суудлаасаа ч босох завгүй шахам ном хурж түмний төлөө буян үйлдэж байхад Гандан хийдийн гал тогоонд тэдэнд зориулсан манж цав бэлтгэх ажил тасралтгүй явагдахын зэрэгцээ өөр нэг том ажил өрнөдөг нь цагаан сарын боов хийх ажил байдаг. Хэвийн боов нь тухайн айлд буян арвижуулж, элбэг хангалуун байхыг билэгддэг. Хүмүүс Гандангийн боовыг авах сонирхол маш ихэсчээ. Шар тосонд чанасан боов өег байхаас гадна аманд ороод бутардаг. Хамгийн гол нь удаан хадгалахад амтаа алддаггүй онцлогтой аж.
Архангай, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг хойд талын сарлаг ихтэй нутгаас гэрээний дагуу авч ирдэг жинхэнэ монгол шар тос, бага зэрэг ус,чихэр хольж гурилаа зуураад, нухах, бэмбийлэх, хэвлэх, шар тосондоо чанаж болгох зэрэг бүх ажиллагааг гараар хийдэг энэ амаргүй ажилд орон тооны тогооч, үйлчлэгч болон эмнэлгийн үзлэгт орж шинжилгээ хийлгэсэн жандагууд зэрэг 10-аад хүн өдөр шөнөгүй ажиллаж зөвхөн хурлын зориулалтаар гэхэд 5000 гаруй боов хийдэг. Дээр нь ахмад лам нартаа тавгийн боов, дээрээс нь цохолтоор авах гээд ойролцоогоор 10 000 гаруй боов хийдэг ажээ. Мөн хийдийн тэргүүн хамба өөрөө материалаа өгөөд цагаан сараар хүнд өгөх самнай гэдэг жижиг боов хийлгэдэг байна.
Хэвийн боовны жижгийг тахилгын хэвийн боов гэх бөгөөд үүнийг бурханд идээ засахад тавина. Гавжийн дугуй боов гэж бий. Даллага авахуулах, буян хишгээ аривжуулахад хэрэглэвэл тохиромжтой аж. Энэ боовыг уг нь гавж цолтой хүн хийх ёс жаягтай ч одоо үүнийг зөрчих нь их болсон тухай Гандантэгчинлэн хийдийн тогооч Тойн гаралтай М.Цогтбаатар нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр хэвийн боов хийхэд хатуу ёс жаяг байдаг, наад зах нь л гэхэд хэвийн боов хийж байх хугацаанд архи тамхи хэрэглэхийг цээрлэдэг, гуриланд нь рашаан хольж утлага хийх ёстой аж
Түүнчлэн лам хувраг хүмүүс голдуу зуны эхэн сарын шинийн нэгнээс зуны дунд сарын 15 хүртэл 45 хоног цагаан хоолны дэглэм барьж мал амьтны амь гаргахгүй байхыг ёсчлон сахиж малын сүү, цагаан идээ, шар тос, өрөм зэргээр цээрээ гаргадаг уламжлалтай байжээ.
Буддын шашны мацаг барих ёс лам хуврагуудын дунд одоо ч байдаг. Сар болгон шинийн 3, 15, битүүн гэх мэтчилэнгээр цагийн аливаа нэг сайн, муу арвиждаг хэмнэлтэй өдрүүдэд их хилэнцийг нь арвижуулахгүй, сайн буяныг арвижуулах, амьтанд туслахын тухайд гаргасан зан үйл нь мацаг барих ёс бөгөөд тэр өдөр хоол идэхгүй байх, эсвэл цагаан хоол хэрэглэх нь алив шунал, муу муухайг тэвчих зан үйл юм гэж Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат өгүүлснийг би үүний өмнө Baabar.mn-д нийтлүүлсэн “Мацаг барих ёсны тухайд” нийтлэлдээ дурдсан билээ.
Олон хүний хоолыг нэг дор хийх гал тогоо, сав суулга ч бас сонин түүхтэй.
Гандантэгчинлэн хийдийн гал тогоонд 1903 онд Хөх хотоос авчирсан хамгийн том болох 600 литрийн багтаамжтай тогоо, 1916 он, 1919 онд хийлгэсэн тус бүр 160-200 литрийн багтаамжтай таван хүрэл тогоо одоо ч ашиглагдаж байгаа ажээ. Хүрэл тогооны манж цав бусад тогооныхоос өөр амттай сайхан болдог, энэ тогоонд буцалгасан усыг уугаад байхад бараг л эм болдог, Гандангийн лам нар өвддөггүй учир нь үүнтэй холбоотой байдаг байж магадгүй гэж Гандантэгчинлэн хийдийн ахлах зам /ахлах тогооч/ Ё.Ядамсүрэн гуай нэгэн ярилцлагандаа дурджээ. Дээр өгүүлсэн 600 литрийн том тогоон дээр төвд, монгол бичгээр “Бадаргуулт төрийн 28 оны 8 сарын нэгний өдөр буюу 1903 онд Өвөр Монголын Идшэнбээлийн хошууны Дундад ганжуур сүмийн зайсан Ёндонпэл, нярав Балдандаш нарын захиалгаар Хөх хотод манзны зориулалтаар Хятадын пүүсээр хийлгэв.” гэж бичсэн буй.
Тогооны гуулин шанаганууд гэхэд л тус бүр хоёр литрийн багтаамжтай. Эдгээр тогоонд одоо 7 дацан, 2 дуганы 500 гаруй лам хуврагууд, түүнчлэн шашны дээд, дунд сургуулийнхан зэрэг нийт 1000-аад хүн, хурал дагасан жандаг (өглөгийн эзэд) нарын хүсэлтээр цагаан болон бор цав, манз цайг бэлтгэдэг аж. Өөр нэг баримт дурдахад Богд хан уулын энгэрт XYIII зуунд баригдсан Манзширын хийдэд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг нь нэг удаад 1000 хүний хоол бэлтгэж болдог, амсар нь 215 см, гүн нь 140 см, 1800 литр багтаамжтай, 2 тонн жинтэй ажээ. Энэ тогоонд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.
Эцэст нь тэмдэглэхэд сүм хийдийн гал тогоо нь манай улсын хувьд нийгэмд үйлчилдэг хоолны газруудын (ясль, цэцэрлэг, сургууль, дотуур байр, цэрэг, хорих газар, эмнэлэгийн гал тогоо г.м ), харин лам хуврагуудын хооллолтын дэглэм нь орчин үеийн зөв зохистой хооллолтын эхлэл болсон гэж үзэх үндэслэлтэй юм.
Жич: Профессор Ж.Октябрийн “ХҮНС, ХООЛЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ-ЛАВЛАХ” ном удахгүй худалдаанд гарах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 98113630 утсаар авч болно.