Балба улс
БАЛБА (НЕПАЛ)
/Балбын Вант улс/ Утасны код – 977
Балба улс нь өмнөд Азид Гималайн уулсын төв хэсэгт оршино. Зүүн хойт талаараа БНХАУ, баруун болон урд талаараа Энэтхэг улстай тус тус хиллэнэ.
Газар нутаг: 140.8 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 27950 мянган хүнтэй.
Нийт хүн амын 55 хувийг балба, 21 хувийг түвд, 18 хувийг бахар үндэстэн эзэлнэ. Түүнээс гадна 580 мянган тхару, 200000 хинди, 70000 шерп, 20000 мянган бенгалчууд амьдарч байна. Хилийн чанадад /голчлон Энэтхэг, БНХАУ зэрэг оронд/ 1.5 сая балбачууд амьдардаг.
Албан ёсны хэл: Балба
Шашин шүтлэг: Индуизм шашинг 90% нь, Будда шашинг 7% нь, Лалын шашинг 3% нь шүтдэг.
Засаг захиргааны байдал: 14 бүсэд (анчол) хуваагддаг. Нийслэл хот: Катманду /500000 хүнтэй/. Томоохон хотуудад Биратнагар – 120000 хүнтэй, Лалитпур – 100000 хүнтэй хотууд багтдаг.
Төрийн байгууламж: Балба улс нь хаант засагтай. Засгийн бүх эрх нь Төрийн ванд төвлөрөх бөгөөд тэрээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Төрийн зөвлөл үндэсний панчаят (125 гишүүнтэй парлиамент) хэмээх вантай зөвлөлдөх 2 эрх бүхий байгууллага байдаг. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.
Балба улс нь хоцрогдсон хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуй нь үндэсний нийт бүтээгдэхүүний 70 хувийг өгдөг. Цагаан будааг голчлон тариалахаас гадна чихрийн нишингэ, цай, гич, улаан буудай, эрдэнэшиш, шар буурцаг, хөх тариа, арвай, овъёос, төмс тариалдаг. Уулс хоорондын хөндийд жүрж, нимбэг, амра, гадиль, тамхи зэргийг тариалж ургуулдаг. Сарлаг, хайнаг, хонь, ямаа, одос өсгөн үржүүлдэг. Балбад гар аргаар чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс, алт олборлодог. Тус улсын газрын баялаг сайтар судлагдаагүй. Хөвөн боловсруулах, гутал, арьс ширний, цагаан будаа, элсэн чихэр, тамхи, тоосгоны үйлдвэрүүд байдаг. Нэхмэл эдлэл, сав суулга, гутал, хувцас, хөдөө аж ахуйн багаж хэрэгслэлийг гар үйлдвэрүүдэд хийдэг. 59 км төмөр замтай. 13223 км авто замтайгаас 4073 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь : Балбын рупи/Бр/ 10бр =0.20 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 1400 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Балба улс нь бүгчим дулаан уур амьсгалтай орон юм. Жилийн дундаж хэм нь 13 градус. Далайн түвшнээс дээш 4000 метр өндөрт үргэлж хасах хэмтэй байдаг. Нутгийн ихэнх хэсэгт уул зонхилно. Балбын хамгийн өндөр цэг нь Дэлхийн оргил болох Жомолунгма уул /8848м/. Далайн түвшнээс дээш 8000 метрт орших өөр хэд хэдэн оргил байдаг. Уулс дунд хонхор газар элбэг байдаг. Томоохон голууд нь Карнали, Гандак юм. Ургамлын аймаг нь газрын өндрөөс хамааран /дал, замбага, царс, нарс, хуш, гацуур, жодоо/ олон янз байдаг. Заан, бар, ирвэс, хирс, гахай, сармагчин, гималайн баавгай, аргаль, янгир гэх мэтийн амьтдаас бүрдсэн амьтны аймагтай. Мөн тогос, олон төрлийн тоть, хорт могой бий. Гималайн уулсад алмас байх магадлалтай гэж үздэг.
Түүх соёлын дурсгал: Воухнатх (МЭӨ III зуун), Патан дахь Мандир /Кришна/ бурханы сүм(XV зуун), Нятполын сүм (XVI зуун), Бахтапур дахь 55 цонхот ордон (XVII зуун), Катманду дахь вангийн ордны сүм (XVI зуун) Будда бурханы мэндэлсэн газар Лумбани хот зэрэг түүх соёлын дурсгалт газар олон байдаг. Тус орон дэлхийн мэргэжлийн уулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Монгол улсаас тус улсад суугаа өргөмжлөлт консул Г.Цэдэн, нийслэлд нь Лүмбэний хөгжлийн сайдаар ажилладаг.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.